Д.Батболд: “Орчлон” сургууль өнөөдөр математик сургалтаараа улсдаа тэргүүлж байна

Сүхбаатар дүүрэгт байрлах “Орчлон Төв” сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэх захирал, Монгол улсын зөвлөх багш, Боловсрол судлалын доктор Д.Батболдтой ярилцлаа.


    -“Орчлон” сургууль яалт ч үгүй Монголын боловсролын салбарт цоо шинэ сургалт стандартыг оруулж ирсэн, өдгөө нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд юуг илүүтэй төлөвшүүлж чадсан гэж үздэг вэ?

-“Орчлон” сургууль анх байгуулагдахдаа англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байсан бол өнөөдөр Үндэсний болон Кембрижийн Олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг хос хэлний сургалттай олон улсын сургууль болтлоо хөгжсөн байна. Боловсролын үйлчилгээг тасралтгүй үргэлжлэхээр тооцож, цэцэрлэг сургуулиа нэг дор барьсан, цогцолбор гэдгээрээ онцлог. Цэцэрлэг нь мөн л Үндэсний хөтөлбөрийг Монтессори хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлж  сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Мөн “Орчлон” сургууль сургалтын үйл ажиллагаагаа хичээл, хөгжүүлэх ажил, хичээлээс гадуурх арга хэмжээний цогц байдлаар хэрэгжүүлдэг нь нэг ээлжийн сургалтын мөн чанарыг тодорхойлдог.  Нэг ээлжийн сургалт гэдэг ойлголтыг анх Монголын боловсролд оруулж ирсэн гавьяатай сургууль гэж би боддог. Социализмын үед хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх олон байгууллага сургуулиас гадуур байлаа шүү дээ. Хичээл тараад тийшээ явдаг учир сургуулиуд нь хоёр ээлжтэй байж болоод байдаг байсан. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжээд тэр байгууллагууд нь байхгүй болоод ирэхээр хүүхдүүд хичээл тараад хаагуур юу хийж цагийг өнгөрөөж яваа нь тодорхойгүй болчихож байгаа байхгүй юу. Тиймээс хүүхэд зөв дадал сууж, зөв хүн болж байгаа эсэх нь эргэлзээтэй, ерөнхийдөө л хараа хяналтнаас гадуур орхигдох болсон л доо. Энэ асуудлын шийдлийг анх манайх гаргаж ирсэн гэсэн үг. Сургууль нэг ээлжтэй байх ёстой юм байна. Тэнд хичээл нь ч, хөгжүүлэх ажил нь ч явдаг, соёлын арга хэмжээнд хамруулдаг байх ёстой юм байна. Ингэснээр сургууль хүүхдийн сурах, хүмүүжих үйл явцыг цогцоор нь хэрэгжүүлэх боломжтой болох юм байна. Өглөө аав ээжтэйгээ зэрэгцэж гараад л орой тэднийг тарахад нь сургуулиасаа ирдэг байх юм бол хүүхдийн төлөвшилд нөлөөлөх эрсдэл багасна. Одоо Боловсролын сайд ч гэсэн нэг ээлжийн сургуультай байх ёстой гэдгийг онцлон хэлж, энэ асуудлыг бодлогоороо дэмжиж байгаа. Сургалт гэдэг бол зөвхөн хичээл биш, харин хичээл, хөгжүүлэх ажил, хичээлээс гадуурх арга хэмжээний нэгдмэл цогц юм. Хэдийгээр сургууль болгонд л ийм хэлбэрийн үйл ажиллагаанууд байдаг ч гэлээ тэр нь хүүхэд нэг бүрт хүртээмжтэй байгаа юу, зөв иргэн төлөвшүүлэхүйц зорилго бүхий хүмүүжлийн хөтөлбөртэй юу гэвэл учир дутагдалтай. Бид энэ бүгдийг цогцоор нь хэрэгжүүлдэг эхлэлийг анхлан тавьсандаа баяртай байдаг.

Хүүхэд өөртөө итгэлтэй болох, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхэд харилцаа маш чухал үүрэгтэй байдаг. Багш, суралцагч, эцэг эхчүүдийн хооронд дотно сэтгэл, харилцан итгэлцэл бүхий харилцаа үүсч байж хүүхдэд сурч буй зүйлээ өөрөө хийж үзэх сэдэл төрдөг. Тэрээр оролдох тусам сурч буй үйл нь дадал болдог. Зөв дадалтай болчих юм бол хүүхдийн сурах үйл хамаагүй хялбар байх болно. Урам зориг ордог. Сурах үйлээ өөрөө удирдах, зохицуулах нөхцөл боломж бүрддэг. Энэ бол суралцахуйн амин сүнс нь юм даа. Яагаад гэхээр хүний өмнөөс хүн сурч чадахгүй шүү дээ. Сурна гэдгийг хүүхэд өөрөө л хийдэг зүйл. Үнэндээ хүүхэд сурах хүсэл тэмүүлэлтэй байх, оролдлого хичээл зүтгэл гаргахуйц сэтгэлийн хаттай байх, уйгагүй, тууштай, шантрахгүй байх, хүүхэд өөрийгөө таньж мэдэх, нээн илрүүлэхэд үнэндээ багш, эцэг эхчүүд бид дэмжлэг үзүүлэх л үүрэгтэй хүмүүс шүү дээ. Бидний хувьд энэ технологийн эрэл хайгуул, судалгаанд 15 жилийг зарцуулжээ. Одоо бараг бэлэн болж байна.

Мөн суралцагчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд онцгой ач холбогдол өгч ирсэн маань Орчлонгийн нэг онцлог. Эрүүл, зохистой хооллолтын талаар шинжлэх ухааны үндэстэй судлан хэрэгжүүлж байгаа, усан сэлэлт, бүжгийн хичээлийн хөтөлбөрийг хичээлийн програмдаа тусгасан сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд бусдаас ялгарах онцлогууд олон бий манайд.

     -Кембрижийн хөтөлбөрийн талаар та ярианы эхэнд дурдсан...?

    -Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын хөтөлбөрүүдээс судалж байгаад нэгийг нь сонгож оруулж ирсэн нь Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр. Өөрөөр хэлбэл, манай үндэсний хөтөлбөртэй хамгийн сайн зохицож чадах нь Кембрижийнх юм байнаа гэдгийг цаг, мөнгө зарж судалсан. Ийнхүү манайх анх албан ёсны эрхийг нь авч сургалтандаа хэрэгжүүлсэн юм. Дараа нь улс даяараа хэрэгжүүлэх болсон. Энэ нь Монголын ерөнхий боловсрол олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд чухал ач холбогдолтой байсан юм. “Орчлон” сургуулийн хийсэн энэхүү судалгаа, хуримтлуулсан туршлага Монголын боловсролд их том оюуны хөрөнгө оруулалт болсон болов уу.

Хөтөлбөрөөс гадна улам бүр даяаршиж буй өнөөгийн нийгэмд хос хэлтэй байх гэдэг асуудал их чухал. Тиймээс “Орчлон” сургууль хос хэлний сургалтын тогтолцоог оруулж ирсэн. Үүний тулд мэдээж нэгдүгээрт эх хэлээ сайн эзэмшсэн байх ёстой. Хоёрдугаарт гадаад хэлийг эх хэл шигээ судална. Тэр нь манай сургуулийн хувьд англи хэл. Тиймээс монгол, англи хэлийг хослуулаад сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн стандартад яаж тусгах вэ гэдгийг анх гаргаж ирсэн. Одоо бол хос хэлний сургалт гэсэн ойлголт манай боловсролын салбарт хэдийнээ танил болжээ. 

    -Нээрээ л манайд хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хандах анхаарал хаягдсан байх шүү. Чи үүнийг сур л гэж шахаад байхаас чи юу хүсч байна вэ гэдгийг сонирхдоггүй.

    -Хүүхэд би хэн бэ гэдгээ үргэлж таниж, мэдэхийг хүсч байдаг. Юуг хүсч байгаа, юунд сонирхолтой, авьяастай байгаагаа мэдэх эрэлт хэрэгцээ тэдэнд байдаг гэсэн үг. Гэтэл үүнийг нь хэн ч сонирхохгүй байна шүү дээ. Ихэнх аав, ээжид “Манайх удмаараа багш. Чи тэгэхээр багш л бол” эсвэл “Эмнэлэгт үзүүлэхэд их төвөгтэй байна. Чи ерөөсөө эмч бол”, “Чи чадахгүй, манай удамд тийм авьяас байхгүй” гэсэн хандлага давамгайлдаг нь өнөөгийн манай нийгмийн бодит үнэн. Бид яагаад хүүхдийн сонирхол, эрх ашиг руу халдаад байна вэ. Тиймээс бид тухайн хүүхэд сурахуйн хэв шинжийнхээ хувьд ямар онцлогтой юм бэ. Ямар арга зүй, арга хэлбэрээр сургалтаа хэрэгжүүлбэл тухайн хүүхдийн онцлогт тохирох вэ гэдгийг судалж, танихыг зорьдог. Хүүхдийн онцлогийг судална. Ингэснээр энэ хүүхдэд ийм шинж давамгай байдаг юм байна гэдгийг багш нарт, бас аав ээжид нь гаргаж өгдөг. Багш тэр мэдээлэл дээрээ тулгуурлаад багшлах арга зүйгээ боловсруулна. Аав, ээж нь дэмжинэ. Багшлах арга зүй бол багш хүний хөдөлмөрийн гол багаж зэвсэг. Муу арга зүй гэж байдаггүй. Тохирохгүй л гэж байдаг. Тиймээс манай багш нар арга зүйгээ судалгаан дээр суурилж сонгодог. Бидний боловсруулсан арга зүйг “Даалгавраар суралцагчдын оролцог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй” гэдэг. Туршилт судалгаагаар энэхүү арга зүй уламжлалт арга зүйгээс 3 дахин үр дүнтэй гэж гарсан. Энэ бүтээлийг Монголын оюуны өмчийн санд бүртгэж, МУБИС-иас үнэ цэнэтэй хэмээн батламжилсан.

Сургалтанд бас нэг чухал зүйл бол үнэлгээний асуудал байдаг. Сургалтын байгууллага бол хүний бие, сэтгэл, оюу ухааныг цогцоор нь хөгжүүлэхийг зорьдог. Тэгэхээр хүний хөгжлийн хүрсэн түвшинг үнэлэхдээ ч гэсэн энэ 3 үзүүлэлтийг хүрсэн түвшинг хэмжих учиртай. Гэтэл уламжлалт сургалтын тогтолцоонд шалгалт авч үнэлгээ хийгээд байгаа нь зөвхөн оюун ухааны үзүүлэлтийг л хэмжээд байна гэсэн үг. Тэгээд зөвхөн шалгалтын дүнгээр л хүний боловсролтой, боловсролгүйг тодорхойлчиж байна л даа. Энэ их харамсалтай зүйл. Шалгалтын дүн бол жишээ нь хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай юу, итгэл үнэмшил нь ямар вэ, зөв дадал төлөвшсөн үү, амьдрал дээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чадвар нь ямар вэ гэдэгт хариулт өгч чадахгүй шүү дээ. Зөв монгол иргэн болж төлөвшсөн эсэхийг илэрхийлж чадахгүй. Боловсрол гэдэг бол үнэндээ мэдлэгтэй юу гэдгээс хамаагүй өргөн утгатай ойлголт юм. Манай сургуулийн үнэлгээний тогтолцоонд энэ асуудлыг бүрэн шийдсэн байдаг. Бид хүүхдийн бие, сэтгэл, оюун ухааны хөгжлийг харилцан хамаарал, уялдаа холбоонд нь авч үздэг, үнэлдэг.

    -Тухайлбал сэтгэлийн хөгжлийг яаж үнэлэх вэ?

    -Сэтгэл гэдгийн доор бид хүн өөрөө өөрийнхөө үйлийг зохицуулах чадварыг  ойлгодог. Хандлага, төлөвшил, хүмүүжилтэй холбоотой асуудал юм. Үүнийг үзэл бодол, итгэл үнэмшил, үнэ цэнэ гэсэн 3 үзүүлэлтээр дамжуулан илрүүлдэг. Хүүхдийн үзэл бодол, итгэл үнэмшил, үнэ цэнийг хөгжүүлэх ажил, хичээлээс гадуурх арга хэмжээний явцад тулгарч буй асуудлын талаар мэдээлэл цуглуулах, түүнд боловсруулалт хийх, хэрэгжүүлэх, алдаандаа анализ хийх, ач холбогдол үнэ цэнийг нь үнэлэх гэсэн хэд хэдэн төрлийн оюуны үйл хийлгэх замаар бий болгодог. Ингэхдээ сэтгэл зүйн хувьд айдас дарамтгүй, дотно сэтгэл, харилцан итгэлцэл бүхий харилцааны уур амьсгалыг бүрдүүлдэг. Мөн түүнчлэн үүнд хүүхэд хамгааллын бодлого, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг баримталж ажиллах асуудлууд ч хамрагддаг.

    -Бага ангийн хүүхдийг үнэлж болохгүй гэж яриад байгаа шүү дээ?

    -“Сайн” дүн бол хүүхдэд урам зориг өгдөг. Өөртөө итгэлтэй болгодог. Үнэ цэнээ мэдрэхэд нь тусалдаг. Харин “Муу” дүн бол хүүхэд сэтгэлээр унах, гуниж гутрах, дарамтанд орох шалтгаан болдог. Энэ бүхнээс үзвэл үнэлгээ хийхээр муу дүн авч байгаа нь хохироод, сайн дүн авсан нь хожих гээд байна. Тэгэхээр сургалтын байгууллага алиных нь эрх ашгийг хамгаалсан нь зөв бэ? Үнэндээ бид аль алиных нь эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр туйлшрах хэрэггүй л гэсэн үг.Үнэлгээ бол нэг талаар хүүхдүүдийг сайн ба муугаар нь эрэмбэлдэг хүмүүнлэг бус хэрэглэгдэхүүн, нөгөө талаар өөртөө итгэх итгэл, урам зориг хайрладаг ид шидийн “саваа”, сурах үйл явцыг эргэх холбоогор хангадаг амин чухал мэдээлэл юм даа. Монгол хүн байна даа бид чинь, энэ асуудлыг арга билгийн шүтэн барилдлагын үүднээс л авч үзэх учиртай. Манайхан монгол хүний онцлог гэж их ярих дуртай. Гэтэл монголчууд бид чинь эрийн 3 наадмаасаа л харахад уралддаг, бусадтай өөрсдийгөө харьцуулж өрсөлддөг сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ. Тэгэхээр үнэлгээ хийхгүй байна гэдэг бол бидний хувьд зорилгогүй болохтой агаар нэг зүйл. Дүнгээс болж хүүхэд шаналаад байгаа асуудал бол хүүхдийн муу дүнг нийтэд зарлаад байгаатай нь л холбоотой асуудал байх. Тэгвэл үүнийг зарлахгүй байж болно шүү дээ. Дүнгийн нууцлалын асуудал бол үнэлж дүгнэхгүй гэсэн үг биш. Үүнийг л манайхан туйлширч ойлгоод байх шиг санагддаг.

    -Танай сургуулийн хувьд багш нарын ажил буюу сургалтын чанараа хэрхэн үнэлдэг вэ?

    -Сургалт гэдэг бол үйл явц. Иймээс багшилна гэдэг нь тодорхой технологи горимын дагуу явагдах учиртай. Үйлдвэрүүдэд чанар шалгагч гэж байдаг шиг сургалтын байгууллагад ч гэсэн ийм хүн байдаг. Энэ хүн бол сургалтын менежер. Сургалтын менежер 40 минутын ээлжит хичээл технологи горимынхоо дагуу явагдаж байна уу үгүй юу гэдгийг хянадаг, үнэлдэг, сургалтын чанарыг сайжруулахад чиглэгдсэн мэргэжлийн зөвлөгөө өгдөг, сургалтыг тасралтгүй эргэх холбоог хангах замаар багш нарынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлдэг. Товчхондоо сургалтын чанар, үр дүнг шинжлэх ухааны үндэстэй сайжруулах чиг үүрэгтэй хүн шүү дээ. Энэ технологийг боловсруулахад бид 8 жилийг зарцуулжээ.

    -Багшлах боловсон хүчнээ танайх өнгөрсөн 15 жилийн хугацаанд өөрсдөө бэлдэв үү. Манай боловсролын салбарт доголдолтой байдаг нэг зүйл нь багшлах боловсон хүчний чанар шүү дээ?

    -Анх бидэнд ноу хау гэхээр зүйл байсангүй. Тиймээс хамгийн хүчирхэг хүний нөөцүүдийг л төвлөрүүлдэг байлаа. Харин энэ хугацаанд бид технологи хайж олж, өөрсдөө хүний нөөцөө бэлтгэх чадвартай болсон. Ажил мэргэжилдээ хайртай залуу багш нарыг хөтлөн чиглүүлж, сургаж олон улсын хөтөлбөрөөр хичээл заах чадварыг тодорхой үе шаттайгаар сургаж эзэмшүүлж байна. Багш нар маань жилээс жилд улам бүр өөртөө итгэлтэй болж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, салбартаа танигдаж, ажиллаж байгаа байгууллагадаа сэтгэл ханамжтай байгаа явдал нь бидний багшаа чадваржуулж, хөгжүүлж буй ажил үр дүнтэй байгааг илтгэнэ. Бид багш, ажилчдынхаа хувьд эрхэм сонголт нь байж чаддагтаа баяртай байна.

Хүмүүс ажил ярихаар цалин, нөхцөл, болзол асуудаг. Тэгэхээр нь би “Жишээ нь чи Англид дөрвөн жил багшийн мэргэжлээр суръя гэж бод. Байр, сургалт, бусад зүйлд хэчнээн зардал гаргах вэ. Маш их дүнтэй мөнгө гарна. Түүнийг хаанаас олох вэ. Харин эх орондоо гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байж, дуртай ажлаа хийж, цалингаа авангаа Англид боловсрол эзэмшсэнээс дутахааргүй оюуны хөрөнгө оруулалтыг чамд хийж өгье. Тэгээд ч “Орчлон” сургуульд таван жил ажиллахад зах зээл дээрх чиний үнэ цэнэ өсчихнө. Тэр үед бусад сургуулиуд чамд цалин, хангамж амлан наймаалцаж эхэлнэ дээ” гэдэг. Үнэхээр л тийм байдаг.

    -Сурагчдын сурлагын амжилтаар нь тухайн сургуулийн чансааг дүгнэж болно. Хамгийн гол амжилтаасаа та товчхон жишээ хэлнэ үү?

    -“Орчлон” сургууль хос хэлний сургалттай учраас суралцагчдын англи хэлний мэдлэг, чадвар бараг бүх хичээлээр тасралтгүй хөгжиж байдаг. Энэ утгаар нь хүмүүс англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэж ойлгодог байх. Харин бусад хичээлүүдийг ердийн сургуулиудтай л ижил цагаар ордог. Гэтэл “Орчлон” сургууль өнөөдөр математик сургалтаараа улсдаа тэргүүлж байна. Олон улсын олимпиадад улсаа төлөөлөн 5 хүүхэд яваад медаль авчирлаа гэхэд нэг юм уу хоёр нь “Орчлон”-гийнх байх жишээтэй. Энэ бол манай сургалтын технологи, багшлах хүний нөөцийн чансааг илэрхийлж байгаа нэг үзүүлэлт байх. Бид бүх төрлийн хичээлүүдэд жигд ач холбогдол өгдөг. Чанартай ерөнхий боловсрол олгохыг зорьдог, хичээдэг.

Босоо тогтолцоонд нь хэрэгжүүлж буй Кембрижийн хөтөлбөрийг судласны дараа суралцагчид 5, 8, 10, 11, 12-р ангидаа олон улсын шалгалт өгдөг. Бага, Дунд боловсролын түвшний шалгалтын ОУ-ын дундаж 3.5-4.0, дээд оноо 6 байдаг бол Орчлонгийн хүүхдүүдийн энэ түвшний хөтөлбөрийн шалгалтын сүүлийн 3 жилийн дундаж англи хэлний хичээлээр 3.5, математикийн хичээлээр 5.2 байх жишээтэй. Мөн ЭЕШ-ын үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлж байгаа сургуулиудын нэг нь шүү дээ.

Нийт төгсөгчдийн маань 80 орчим хувь нь гадаадын их, дээд сургуульд элсэн суралцаж эх орондоо хэрэгцээт мэргэжлийг эзэмшиж байгаа нь бидний амжилт, бахархал юм даа.

    -Танай сургуульд элсэхэд ямар нэг шалгуур бий юу?

    -Бид стандарт агуулгын хоцрогдолгүй байх гэдгээс өөр ямар нэг тусгай шалгуур тавьдаггүй. Хүүхэд өөрөө сурахыг хүсэж байгаа, аав ээж нь хамтарч ажиллахыг зөвшөөрч байгаа, дээр нь бидэнд итгэж байгаа хүн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Сургууль бол сургах ёстой гээд сургуульд даатгачихаад хаяад явчихдаг хүмүүс байна шүү дээ. Тэр бол буруу. Хүүхэд хоногийн хэдэн цагийг гэртээ, хэдэд нь сургууль дээр байдаг билээ. Аав ээж хажууд нь байгаагийн хувьд их үүрэгтэй, үүргээ биелүүлж, эерэг үлгэрлэн, сургалтын үйл ажиллагаанд дэмжин оролцохгүй болохоор сургалт доголдох тал бий. Сургалт гэдэг бол багш, суралцагч, эцэг эхчүүдийн хамтын үйл ажиллагаа, гарсан үр дүн нь ч гэсэн хамтын бүтээл байдаг. 

surguuli.mn

 

2017.02.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

"СУДЛААЧ ОЮУТАН-2018" хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдийг муу зуршилтай болоход юу нөлөөлдөг вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

ИНФОГРАФИК: Монгол улсын боловсролын салбарт 45 мянган багш ажилладаг

...

Дэлгэрэнгүй » 2018.10.08

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

Сар болгон далан мянган төгрөгийн тэтгэлэгтэй ангиуддаа элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.12

МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ДУНДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Багш бүр зөөврийн компьютертой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Цэцэрлэгт анхлан явж байгаа хүүхдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.15

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

427 Сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

“САЙДЫН ЦАГ” УУЛЗАЛТАД БСШУ-НЫ САЙД Л.ГАНТӨМӨР ОРОЛЦЛОО

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Ш.Анхмаа: Цэцэрлэгийн элсэлт “шилэн” боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.08.29

Насан туршийн боловсролыг бичиг үсэг төдийхнөөр үнэлэх цаг ард үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

Д.Одгэрэл: Шинжлэх ухаан, технологийн салбарт залуу судлаачид олон байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.09

Ц.Жаргалантуул: Бүртгэлийн үед зөрчил гардаг учраас үл хөдлөхийн гэрчилгээг шаардаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2016.08.12

Хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал номын нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Оюутанд олгох сургалтын төлбөрийн зээлийн журам батлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Багшаар ажиллах нэг жилийн эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.20

Албан байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хувьсах зардлыг улсаас өгнө

...

Дэлгэрэнгүй » 2016.10.12