Сургууль хэмээх ариун эрдмийн СҮМИЙГ БҮТЭЭГЧ

Өгүүлэх нь: Зүйр үгний ил далд утгад асар их гүн ухаан, арилгаж баллахын аргагүй үнэн нуугдаж байдаг. Хоёрхон үгэндээ хорвоог багтаадаг зүйрлэл үнэхээр гайхамшигтай. Хамгийн энгийндээ “Эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гарна” гэсэн зүйр үг байх. Энэ л үг айлын өнгөтэй өөдтэй явах нь хэнээс хамаатайг ухааруулна. Монгол Улсын Ардын багш Ү.Маамын амар мэндийг эрэн “Шинэ үе” сургуультай танилцаж явахдаа энэ газрыг ор хоосноос ордон болтол хөгжихөд нь ажил бүхнийг амжуулж, алдар нэрийн ард яваа Н.Цэрэндолгор хэмээх ханийнх нь тухай илүү ихийг мэдэхийг хүслээ. Туулсан амьдрал, бүтээсэн зүйлийг нь мэдэхэд түүний амьдралын талаарх үзэл ихээхэн сонин юм. Н.Цэрэндолгор “Өвөг дээдэс маань дэлхийн талыг эзэгнэн Монгол хэмээх нэрийг олон зуун жилээр ертөнцийн чихнээ дуурсгасан байхад түүний үр сад болсон эгэл жирийн иргэд бид эх орныхоо алдрыг эс гэхэд ээж аавынхаа нэрийг дуурсгахаар амьдрах учиртай биз дээ” гэж яриагаа эхэллээ. Амьдрал гэдэг хүн бүхэнд өөр өөрийн үнэ цэнэтэй, бас утга учиртай байдаг. Чухам ямар ухаан, үнэ цэнийг тэрээр тээж явна вэ.

ЭДИЙН БУС, ЭРДМИЙН ШУНАЛТАЙ БАЙХЫГ БИ ХҮСДЭГ

Би бусдын нэгэн адил эгэл амьдрал туулсан. Санах тусам сэтгэл зөөлрөөд их л сайхан цагийг ижий аавтайгаа өнгөрүүлсэн дээ. Би Завхан аймгийн Сонгино суманд малчны гэр бүлд төрсөн. Аав ээж хоёр маань айл болоод анхны хүүхэд нь тогтоогүй учир хүү өргөж авсан бөгөөд хожим хоёр охин төрж ахыг маань дүү дагуулж ирсэн гээд хайртай байдагсан. Аавыг нутгийнхан маань малч ажилсаг, нийтэч, хүний төлөө сайхан сэтгэлтэй хүн гэж их хүндэлдэг байлаа. Аав маань хоёр айлын хонь нийлэх гэж байвал “Өнөөдөр ямар бүтэлгүй амьтан хонинд явав. Энэ олон хонь хутгалдаж, амьтанд ажил удах нь” гээд мордоод давхичихна. Чөдөртэй морь ус руу явж байвал “Халуун зунаар амьтан хатааж алах нь” гээд усалж чөдөрлөөд тавина. Ээжийг минь Гүнрэг гэдэг. Биднийг зүгээр суулгах дургүй, нэг бол айргаа бүлэх ч юм уу, номоо унш, хөгжмөө тогло гэнэ. Манайх олон малтай болохоор хот айлаас зайдуухан бууна. Аавынхтай ах дүү шиг явсан олон сайхан хүмүүсийн ачаар бид өссөн юм. Манай адуучин Чүлтэм ах морь сайхан уургална. Хонийг Даржаа, Цэрэндорж ах нар хариулна. Амаа маань ээжийн төрсөн дүү шиг биднийг өсгөлцсөн ачтан юм. Хүүхэд юм чинь айл хэсмээр санагдана. Ээж айлд зүгээр суугаад яах вэ, энэ шилбийг авч яваад эмхэрдээд ир гээд явуулна. Бага байхдаа аргал усаа зөөж, айргаа бүлж, идээ цагаа хийхэд нь ээждээ тусалдаг байлаа. Багадаа би моринд эрэмгий хүүхэд байсан. Олон хонь хариулж явахад эргүүтэж, доройтсон мал таарахад эмээл дээрээ дүүрээд давхиад ирнэ. Манай аав надад моринд сайн гээд ногоон гахай гөлөмтэй мөнгөн эмээл төхөөрч, жороо улаан морь авч өгсөн нь миний хувьд том бэлэг байлаа. Хэдийгээр нутаг усандаа Баян Ня- гийн гэж нэрлэгдэж таван хошуу мал маань талаараа нэг дүүрдэг байсан ч аав ээж маань бидэнд алт мөнгө үлдээгээгүй. Харин нэгдэлдээ нийгэмчилж “Үүрийн туяа” гэдэг нэгдлийн ихэнх мал нь манайх байлаа. Ээж бидний авьяасыг хөгжүүлэхэд анхаардаг хүн байжээ. Дүү бид хоёрт мандолин хөгжим авч өгсөн. Клубийн сайн хөгжимчин Цэгмид ах надад мандолин зааж билээ. Гавьяат жүжигчин Чулуунхүү бид сургуулийн концертын гол “жүжигчид” байлаа. Сургууль төгсөх үед Багшийн сургуулийн хөгжмийн ангийн ганц хуваарь ирлээ гэхэд би авъя гээд очсон. Багш нар маань ч намайг авьяастай гээд дэмжсэн. Хөгжмийн багшийн ажлын гараагаа одоогийн Хүмүүнлэгийн их сургуулийн байранд 2 дугаар сургууль гэж байсан. Энэ сургуульд багшилж байтал орос бага анги нээгдсэн нь одоогийн 23 дугаар сургууль шүү дээ. Хэл мэдэхгүй хэрнээ оросуудтай ойр зуурхан үг ойлголцож ярьдаг болоод гадаад багш нартайгаа найзууд болсон. Энэ үеэс орос хэл сурах сонирхол төрсөн юм.

ЮМ АСУУДАГГҮЙ ХҮН ЮУ Ч СУРДАГГҮЙ

Гурван жил багшлаад Багшийн дээд сургуульд орохоор зүтгэлээ. Арваад жил ажиллачихсан өчнөөн багш нар байсан болохоор гуравхан жил ажилласан надад орох боломж бага байсан л даа. Тэгээд хөгжмийн багшийн боловсролоо дээшлүүлэхээр судалтал аз болж нэг анги нээгдсэн байв. Тэр үед хөгжмийн дээд боловсролтой хүмүүс ховор байж л дээ. Ердөө 25 хүн авна гээд. Хөгжмийн зохиолч Шараа, Хөвсгөлийн Баасанжав, одоо гавьяат удирдагч Бүрэнбэх нар тэр ангид байсан. Энэ ангидаа орсон хойноо ч орос хэлний багш болмоор санагдаад болдоггүй. Хөгжмийн зохиолч Булган тэр үед 23 дугаар сургуульд төгөлдөр хуур тоглодог хүүхэд байсан юм. Булган 10 төгсөөд орос хэлний ангид ороод ирсэн харагдаж байна. Би Булганд чи төгөлдөр хуур сайн тоглодог юм чинь хөгжмийн зохиолч болохгүй юм уу гэсэн чинь хүүе тэгэх юмсан, багш аа гэдэг юм. Булган бид хоёр ангиа сольж миний анхны мэргэжил өөрчлөгдөн амьдралынхаа турш зүтгэх орос хэлний багш болох замаа эхэлсэн дээ.

ЭМЭЭГИЙН ӨГСӨН ОРОС НОМ

Их л мундаг хүн багш болдог гэсэн бодол надад байсан. Би 19 настай хөгжмийн багш болчихоод хүүхдүүд багшаа гэхээр өөртөө эргэлзээд би багш мөн үү гэж бодож эмээдэг байлаа. Харин орос хэлний багш болсон үедээ багшлах өөрийн гэсэн дадлагатай болсон. Тухайн үед Орос Монголын харилцааны дээд сайн үе байсан бөгөөд байгууллага, сургууль бүрт орос мэргэжилтэн ажилладаг байлаа. Орос хэлийг сурах эрчимтэй аяны он жилүүд байжээ, тэр үе. Би энэ мэргэжлээрээ насаараа ажиллах тавилантай хүн байжээ гэж боддог. Манай эмээ намайг нэгдүгээр ангид байхад сумын төв орж ноосоо тушаачихаад ирэхдээ 30 мянган үгтэй хар ногоон хавтастай толь бичиг авчирч, миний охин энэ номыг үз. Орос хэлний толь гэж юм гарч байгаа гэнээ. Тэгэхэд сумын хоршоонд ийм хоёр ном ирж л дээ. 11 төгрөг 20 мөнгө байх аа. Гурван төлөгний үнэтэй юм байна.Тэгэхэд хэн ч аваагүй. Миний эмээ надад авч өгсөн хэрэг. Тэгээд Багшийн сургуульд ороход ёстой хэрэг болсон доо. Намайг эмээгийн тэр “гурван төлөг” насаар минь тэжээсэн хэрэг шүү дээ.

ХҮНИЙГ БҮХ ТАЛААР НЬ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ГЭВЭЛ ТҮҮНИЙГ ТАЛ БҮРЭЭС НЬ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ /К.Д.Ушинский/

“Хүнийг бүх талаар нь хүмүүжүүлэх гэвэл түүнийг тал бүрээс нь судлах үзэх хэрэгтэй”. гэсэн алдарт сурган хүмүүжүүлэгч К.Д.Ушинскийн үгийг байнга санана. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа зөвхөн хичээл заагч биш, тэдний ирээдүйн мөрөөдөлд дэм болж зорьсон зорилгоо хэрэгжүүлэхэд хэрэгтэй юм хэлж байхыг хичээдэг байлаа. Орос хэл тэр үед таван цагаар ордог байсан. Хамгийн гол хичээл тул сургуулиудад орос хэлний багш нарын бүхэл бүтэн баг ажилладаг байлаа. 10-11 сард Найрамдлын сар гээд орос хэлийг сурталчлах ажил эх орон даяар өрнөнө. Найрамдлын сар гэдэг тэр чигээрээ Оросын соёлтой танилцах орос хэлээр уралдах цаг үе шүү дээ. Монгол телевиз маань ч тэр үед “Бид Артект явна” гэж сайхан уралдаант нэвтрүүлэг хийдэг байсан. Хот хөдөөгийн бүх сургууль өрсөлдөж шалгарсан нь энэ сайхан зусланд явна. Тэр үед чинь орос хэлний багш нар л гадаадад мэргэжил дээшлүүлдэг байлаа. Би гэхэд л хуучны ЗХУ-ын Ленинград хотын Герцений нэрэмжит Багшийн их сургууль дээр хоёр удаа, дараа нь ОХУ-ын Липецк хотын Багшийн их сургуульд явж нийт гурван удаа мэргэжил дээшлүүлсэн. Том сургуулиуд чинь 10 гаруй орос хэлний багштай учир эхлээд секц, дараа нь дүүрэг, хот, яаманд хянагдаж 25 хүн шалгарч явдаг байлаа. Ленинградад мэргэжил дээшлүүлэх тэр систем маш гоё. Тэгэхэд социалист, хөрөнгөтөн орон гээд бие биенээ үгүйсгэдэг үе байсан ч орос хэлний ачаар хөрөнгөтөн орны багш нартай танилцаад хар арьстай хүнийг анх харж нэг танхимд сууж, орос багш нар дүрэм, орон судлал, дуудлага, авиа зүйн хичээлийг сонирхолтой зааж хичээлийн холбогдолтой аяллуудыг музей, театр, номын сан болон хотоос гадагшаа ч авч явж мэргэжлийг жинхэнэ утгаар нь дээшлүүлдэг байлаа. Ийм аугаа том Оросын ард түмний хэлийг эзэмшиж бусдад зааж байгаагаараа бахархдаг байсан. Тэгээд та нар энэ орос хэлийг сураад өгөөч ингэх юм бол та нарын ертөнцийг харах цонх нээгдэж энэ хэлээр дамжиж олон сайхан зүйлийг мэдэх сурах болно. Багш нь ийм гоё юм үзээд ирлээ, энэ хэл соёлд та нар суралцах боломж их байна гээд хүүхдүүдийнхээ сонирхлыг татахын тулд ярьж өгнө. Том том ил захидал авч ирээд хүүхдүүддээ үзүүлж тэд маань ч их сонирхоно.

АМЖИЛТ ОЛОХЫН ТУЛД БИШ, ҮНЭ ЦЭНИЙН ТӨЛӨӨ АМЬДАР /Альберт Эйнштейн/

10 жилд багшилж байхад “Радуга” гээд л бэлэн ном багшийн номтойгоо байсан болохоор шинэ юм бичнэ гэж бодож байсангүй. Тэгээд ч тэрийг чинь эрдэмтэн мэргэд хийдэг гэж боддог байсан хэрэг. “Орхон” их сургуульд орос хэл зааж байхдаа л нэгдсэн гарын авлага байхгүйг анзаарч оюутнуудыг гарын авлагатай болгоё гэж шийдсэн. Шинээр үүсч байгаа сургуульд маань ч хэрэгтэй байлаа. Миний бичсэн анхны ном ногоон өнгөтэй байсан болохоор “Цэрэндолгор багшийн ногоон ном” гэж хүүхдүүд нэрлэдэгсэн. Дараа нь хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлсэн. Би одоо нэг ном хэвлүүлэх гэж байна. Энэ ном нь Оросын соёлын тухай өгүүлнэ. Энэ мэргэжлийг эзэмшсэний хувьд аугаа их орос орны түүх соёлын төлөөлөгч нартай танилцуулж, мэдээллийг түгээхийг хичээлээ. Хөршийнхөө хэлийг мэдэхгүй байна гэдэг өөрийгөө гадагш илэрхийлж чадахгүй байгаатай адил хэрэг. Хэдийгээр нийтээрээ нэг хэл үзэхээ больсон ч, орос хэл дэлхийн хэл, ЮНЕСКО-гийн найман хэлний нэг хэмээн тооцогддог хэвээрээ байгааг мартаж болохгүй. Өнөөдрийн Орос орон өчигдрөөс илүү хөгжиж, хүн төрөлхтний хөгжлийг манлайлан олон зүйлд өөрчлөлт шинэчлэлтийг хийсээр байна.

АМЬДРАЛ БОЛ УУЛ ЮМ. БИД УДААН АВИРЧ, ТҮРГЭН УРУУДДАГ

Багшийн сургуульд сурч байхдаа ханьтайгаа нийлсэн, бид нэг сумынх. Манай аав ээж энэ хүү нуруутай томоотой, хүнд хань болохоор хүүхэд гэж ярьдаг байсан. Бид хоёр кино ший үзэж захиа ч бичиж байгаагүй. Монгол III сургуулийн хажууд барилгын 84 айлын хажуу нэг өрөөг хөлсөлж айл гэр болсон. Маам оюутан хtрнээ оройн сургуульд багшилна. Энэ багшийн мэргэжил маань биднийг тэжээсэy. Маам 52 дугаар сургуульд багшилж байхдаа 120 мянгатад хоёр өрөө байртай болсон. Манайх хоёр охинтой. Том охин Ленинградын Цахилгаан техникийн их сургуулийг инженер мэргэжлээр төгсөөд Хавдар судлалын төвд ажиллаж байна. Бага охин МУИС-ийг эдийн засгийн мэргэжлээр төгсч ТЕГ-т ажиллаж байна. Зээ охин маань МУИС-ийг банк-санхүүч мэргэжлээр төгсөөд АНУ-ын Сан-Францискогийн Их сургуульд магистр зэрэг хамгаалж, одоо “Шинэ үе” сургуулийнхаа олон улсын хөтөлбөр хариуцан ажилладаг. Би амьдралдаа бага цаг, ажилдаа л их цаг зарцуулсан. Гэсэн ч сэтгэл хангалуун явдаг. Тэр үед ажлын шаардлага өндөр байсан. Хариуцлагагүй нэр зүүж хурал дээр нэр гарахаас айдаг байсан үе. Энэ л хичээл зүтгэл, үнэнч хөдөлмөрөөрөө мэргэжилдээ дуртай олон хүнийг гэгээрүүлэх, сурч боловсрох ажлыг 45 жил хийлээ. Энэ бүх хүч хөдөлмар зорилго маань сургууль хэмээх сайхан сүм босгож, инээд хөөр цалгисан эрдэм мэдлэг түгсэн их өргөөний эзэн болголоо. Миний багш явсныг, бас ямархан зам туулсныг харуулж үлдэх тул “би багш” гэж хэлэхдээ жаргалтай байдаг. Бидэнд ямар их үнээр өвлөгдөж ирсэн амьдрал билээ. Түүнийг бид дараа үеийнхэнд батжуулан баяжуулж өгөх учиртай. Монголын бүх гэр бүлд манай үндэстний гурван том үнэт зүйл хадгалагдаж байгаа юм. Нэгдүгээрт, нүүдэлчний соёл ахуй, Хоёрдугаарт, оюуны үнэт өв Гуравдугаарт, ёс суртахууны үнэт зүйл. Энэ ухамсрыг шинэ үеийн иргэддээ суулган хаана ч хэнд ч гологдохооргүй, дэлхийн боловсролтой хүн болгоход одоо ч ажил минь чиглэгдэж байна.

ХҮНИЙ СЭТГЭЛД МЯНГА МЯНГАН ИТГЭЛ НАЙДВАРЫН ЦОГ БИЙ

Ах Нямаагийн Дансранжав маань аавынхаа мал маллах арга туршлагыг сайн эзэмшсэний үр дүнд Монгол Улсын Гавьяат малчин болсон. Миний дүүг Нямаагийн Хажидсүрэн гэдэг. Олон түмэн андахгүй. Дүү маань 52 дугаар сургуулийг алтан медальтай төгсөөд тэр үеийн ЗСБНХУ-д Пятигорск хотын Багшийн академийг англи, орос хэлний багш мэргэжлээр төгссөн жинхэнэ мэргэжилтэн байсан. Тухайн үед англи хэлийг хөрөнгөтний хэл гэж үздэг байсан тул Мэдээлэл технологийн паркт орос хэлээрээ хэвлэлийн ажилтнаар ажиллаж байгаад зах зээлийн эдийн засагт шилжээд бүх юм нээлттэй болж ирэхэд сэтгэл дотроо хадгалж явсан хүсэл мөрөөдлийнхөө галыг асааж өөрийн сургуулийг байгуулсан юм. Анхны хувийн сургууль чинь “Орхон”, “Отгонтэнгэр”, “Их засаг” гурав шүү дээ. Миний дүү тэр үед л англи хэл сурах эрмэлзэл их болж байгааг анзаарч сурсан боловсролоо ашиглаад хувийн сургууль нээсэн хэрэг. Би ч бас олон жил орос хэлний багш хийсэн туршлагатай байлаа. Яг тэр үе миний хувьд гавьяаныхаа амралтанд гарч байсан тул дүү маань хамт ажиллах санал тавиад бид хоёр хувийн сургуулийн салбарт зүтгэх болсон. Бид энэ сургуулийг жинхэнэ сургууль болгож чадсан. Дүүтэйгээ хамт ажилласан 10 гаруй жил дурсах дурсамжтай сайхан үе байлаа. Би дүүгээ Гавьяат цол хүртээгүй гавьяат гэж боддог. Бас биднийг ингэж түмний үрсийг сургах сургууль байгуулах хувь заяаг аавын маань нэгдэл нийгэмдээ өгсөн олон малын буян тэтгэж, бидэнд сургууль болж ирсэн юм шиг санагддаг. Одоо би ч бас өөрийн сургуулийг ханьтайгаа хамт байгуулаад зүтгэж явна.

ӨӨДЛӨХ ХҮСЛИЙН ӨМНӨ ХААЛТ ГЭЖ ҮГҮЙ

Миний хань насаараа боловсролын системд ажилласан ардын багш Ү.Маам гэж хүн бий л дээ. Олон арван шавь нараа олон улсын олимпиадад бэлдэж үр дүнг нь үзэж байсан болохоор найз нөхөд, эцэг эхчүүд, танил хүмүүс бидэнд сургууль байгуулахыг санал болгодог байлаа. Анх сургуулийн барилга ашиглалтад орох болоогүй байсан болохоор хүүхдийн ордны захирал, Гавъяат багш Б.Ишцог бидний хүсэлтийн дагуу Хүүхдийн ордондоо хичээллэх боломж олгож 14 хоног байрласан. Эхлээд 11 багш, долоон ажилтан, 1-10 дугаар ангийн 10 бүлэгт 86 сурагчтай хичээл эхлэж байсан. Ү.Маам энэ байдалд нэг л дасахгүй. Би 1000 гаруй хүүхэдтэй сургуульд ажиллаж явсан болохоос ийм юм үзээгүй, яаж нээлт хийх юм гээд санаа зовно. Сургуулиасаа ичээд зүгээр хонх цохиод оруулчих гэж хэлж байсансан. Би зорьсон зүйлийнхээ эхлэлээс ичих хэрэггүй ээ. Биднийг зориод ирсэн нэг хүүхэд ч гэсэн хичээлийн жилийн нээлтээ хийх ёстой гэж зүтгээд том сургууль шиг нээж сүртэй эхэлсэн дээ. Манайд 11 дүгээр сургуулиас хэдэн хүүхэд, Маамын шавь нарын хүүхдүүд гээд биднийг мэддэг хүмүүс л хүүхдээ өгч байсан үе л дээ. Тэр жилээ хавар болоход хүүхдийн тоо нэмэгдсэн Тэгээд би өвгөнийг “Гавьяат хүн байна даа. Телевиз энэ тэрээр яриач” гэсэн чинь би тэгж хэвлэл мэдээллээр худлаа ярьдаг хүн биш. Намайг мэдээд, надад итгээд ирэх нь ирэх биз. Үйл ажиллагаагаараа танигддаг болохоос үг яриагаар танигддаггүй юм. Явж л байя гэсэн. Нээрэн л ам ам дамжсаар дараа жил нь хүүхдийн тоо эрс нэмэгдэж хичээлээ эхэлсэн дээ. Бид хамтдаа шинэ байгууллагыг үүсгэн байгуулж, улсын ачаанаас үүрэлцэж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж, ажлын байрыг бий болгож, сургалтын таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Боловсролын салбарт 45 жил зүтгэсэн түүний хэлсэн нэг үг маш их үнэтэй байсан юм. “Өнөөдөр хөрөнгө чинээгээр тэрбумтан болохоос илүү оюун ухаанаараа тэрбумтан болох замыг бид хүүхдүүддээ тавьж өгөхийг хүсч байна. Сурсан мэдсэнээрээ эх орноо тэжээх ухаалаг монгол хүүхдүүдэд оюуны тэрбумтан болох хүсэл их бий. Гагцхүү сурах үйлсийг нь зөв залахад шинэ үе өөрөө төрнө” гэлээ. Үнэхээр Монгол хүний оюуны нөөц их ээ. Түүнийг хөгжүүлэх гэж боловсролын салбарт зүтгэж яваа Н.Цэрэндолгор багш маань түүхийг чимээгүйхэн бүтээж, алдрын араас бус амьдралын утга учрыг ухааруулан зүтгэх олон сайхан бүсгүйчүүдийн нэг байлаа. Сургууль хэмээх ариун сүмд ийм л бүсгүйчүүд байдаг болохоор гэрэл, гэгээтэй, цэвэр цэмцгэр, ариун дагшин хүсэл мөрөөдөлтэй байдаг биз.

С.ЮМСҮРЭН

 

2018.04.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд surguuli.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

Гадаадад төгсөгч залуус нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

2019 онд улсын хэмжээнд 85 цэцэрлэг, 62 сургууль ашиглалтад орно

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

ЭЕШ-ын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

ЭЕШ-ын батламж хуудсыг энэ сарын 5-наас өмнө тарааж дуусгана

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

“Оюутан цэрэг-2018” сургалтын нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Фейлак гэрэл зургийн урандаанд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Амжилт мэдээлэл технологийн академи элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

УЛСЫН ШАЛГАЛТЫН ТОВ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Нийслэлийн сургуулиудын чансаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Оюутанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар, судалгаа шинжилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Гадаадад суралцах их сургуулиа хэрхэн зөв сонгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Бүх нийтийн экологийн боловсрол Үндэсний хөтөлбөрийн танилцуулга 2009-2019

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.09

Монголын шатарчид 6 алт, 4 хүрэл хүртлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.08.08

Хакүхо М.Даваажаргал 500 хүүхдийг баярлуулж буян үйлдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

2017 ОНООС ӨМНӨ ЕБС ТӨГССӨН ТӨГСӨГЧДИЙН АНХААРАЛД

...

Дэлгэрэнгүй » 2017.06.06

Бүгд найрамдах солонгос улсын ILWOO сангийн тэтгэлгээр бакалавр ,магистрантурт суралцуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.30

П.Зохихсүрэн: Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл энэ сарын 19-нд дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

Амьдралын 9 хичээл

...

Дэлгэрэнгүй » 2017.06.12

Математикийн улсын шалгалтын материал задарчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.26